Миний блогт тавтай аялаарай!Танд амжилт хүсье.

Monday, October 24, 2016

монгол уран бичлэг


монгол уран бичлэг




Монгол уран бичлэг

@Каллиграф /Calligraphy/ сонирхогчдын facebook групп

Г.Мэндооёогийн ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ

"Каллиграф" гэсэн үгийн гарлыг авч үзвэл каллос буюу "гоё", графиа буюу "бичиг" гэсэн үгнээс гаралтай, "гоё бичих" гэсэн утгатай үг байгаа нь барууныхан энэхүү нэгэн төрлийн урлагийг зөвхөн гоё сайхан бичих төдийгөөр хязгаарлан ойлгож ирснийг харуулж байгаа бол манай Монгол бичгийн уламжлалд "уран бичлэг" хэмээх нь гоё сайхан бичих төдийгүй бас "уран нарийн санаа өгүүлэмж гаргах" гэсэн давхар утгатай байдаг нь гайхамшигтай юм. Угаас грек хэлний каллос нь "гоё" гэсэн ганц л утгатай бол Монгол хэлний "уран" хэмээх үг, түүний язгуур нь болох "ур" гэсэн үгэнд "уран гоё" ч гэсэн санаа, "ур ухаан" ч гэсэн утга хоёул агуулагдаж буй.

Тийм ч учраас зөвхөн албан захиа бичих уламжлалд л гэхэд Монголчууд ацаг шүдийг тогтуухан бичиж харилцагчаа хүндэлдэг бол заргын бичигт сүүлээ жад маягаар татах, шүдээ арцалдуулах зэргээр санаагаа нарийн илэрхийлдэг байжээ. Түүнээс гадна захидал бичсэн өнгө ч утгатай. Албан захиаг бол хар бэхээр, баяр ёслолын захиаг улаан шунхаар, уй гашуудлын захидлыг хөх шугамтай цаасан дээр бичиж хөх бэхээр тамга тэмдэг дардаг уламжлалтай байж /Ц.Шагдарсүрэн, "Монголчуудын утга соёлын товчоон", Улаанбаатар, 1992/. Үүнээс үзэхэд уран гоё бичлэгээрээ нүд баясгахаас гадна ур ухаанаа давхар илэрхийлдэг нарийн далд санаа, философи сэтгэлгээгээрээ Монгол каллиграф нь Европынхоос ялгарах аж.



Монгол бичиг анх үүсэн бий болох мөчөөс л Монгол каллиграф хамт үүсчээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бичиг үсгийн жирийн хэрэглээ нь уран гоё бичих, үсгийн хэлбэр, бичлэгийн орон зайгаар санаа илэрхийлэх ёстойгоо эхнээсээ л хамтдаа оршсоор байсан байна. Үүний баталгаа бол одоогоор бидэнд олдоод байгаа монгол бичгийн хамгийн анхны дурсгал болох "Чингисийн чулууны бичээс" юм. Монгол бичгийн анхны дурсгал л гэхэд аль хэдийн тогтсон гэмээр уран нарийн бичлэгийн тогтолцоотой байгаа нь гайхамшигтай. Монголын орчин цагийн гарамгай каллиграфчидын нэг Жалайр Батбаярын бичсэнээр "Чингисийн чулууны бичээс" нь "... дорно дахины уран бичлэгийн тэнгэр, газар, арга бэлгийн харьцаа, үсгийн мөр тэтгэх ёс, ёслол хүндэтгэлийн журам, үг, үсэг, мөр хоорондын харьцааны сонгодог өгүүлэмжтэй гэрэлт хөшөөний ховор нандин дурсгал бөгөөд Монголын бичгийн урлагийн гайхамшигт онцлог нь түүний сонгодог босоо хэлбэр, чиглэл, үсгийн зурлага, үсэг хоорондын залгамал бүтэц нь бусад улс үндэстэнүүдээс өвөрмөц давтагдашгүй билээ" хэмээсэн байна.



Ийнхүү бүр анхнаасаа нарийн төлөвшин тогтож асан монгол уран бичлэг нь мянгаад жилийнхээ түүхэнд улам боловсрон хөгжсөн бөгөөд хэрэглээ, зорилго, бичлэгийн нөхцөлөөс хамаарсан олон өвөрмөц хэв маяг, тигт хуваагдан хөгжсөнөөс жишээлэхэд: хичээнгүй үсэг, бийрээр дарж бичсэн үсэг, гүйлгэн бичсэн үсэг, таталган бичсэн үсэг, эвхмэл үсэг гэх мэт, зөвхөн эвхмэл үсгийг гэхэд дотор нь дөрвөлжлөн эвхэх, дугуй эвхэх, угалзлан эвхэх, дүрслэл гарган эвхэх гэхчилэн ангилж болно. Энэ бүгдийг нэг бүрчлэн тайлбарлан өгүүлэхэд энэхүү ганцхан өгүүллийн байтугай хэдэн хасаг тэрэг номын зай ч багадах их өв болох тул Монгол уран бичлэгийн урлаг дахь зөвхөн эвхмэл үсгийн талаар хамгийн товчоор өгүүлж, эрхэм уншигчийг бичгийн их далайн уснаас амсах төдийгөөр дайлсу.



Монгол эвхмэл үсэг нь эртний Монгол хээ угалзын урлагтай салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл нүдээр харах уран гоё дүрсийг утга санааг илэрхийлэх үсэг бичигтэй холбосноор чухам арга бэлгэ хослон утга үзэмж хоёр нэгдэж, нэгэн цогц урлаг болсон байна. Угаас монгол хээ гэдэг сэтгэмж дүрслэлийн хувьд хязгааргүй баян, дээр нь Монгол бичиг нь нуруугаар холбогдон дээрээс доош тасралтгүй бичдэг тул шийдэл, дизайны талаасаа үнэхээр төгс, гагцхүү каллиграфчийн л уран сэтгэмж эс дутах аваас боломж хязгаарлагдана гэж үгүй юм. Гэвч хэдий уран сэтгэмжийн талаасаа ийм чөлөөтэй хэрнээ нөгөө талаасаа бас үсэг бүрийг эвхэх дүрэм зарчимтай байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл хэчнээн ч угалзлуулан эвхрэлдүүлэн ороолоо гэсэн цаана нь шүд бол шүдээрээ, гэдэс нь гэдсээрээ танигдах ёстой. Үсэг бүр ийнхүү танигдах ёстойгоос гадна үсэг хоорондын зай тэнцүү харьцаатай, тэгш хэмтэй байх ёстой.

Мягмарын Саруул-Эрдэнэ

монгол бичлэг